Н.Даваасамбуу: Инженер гэж дуудуулж байгаа бол барьж буй барилгадаа сэтгэлээ шингээх л хэрэгтэй

“Даадаа групп" ХХК-ны ерөнхий инженертэй ярилцах болсоных,  чухам яагаад энэ мэргэжлийг сонгох болсон, барилгын инженермэргэжлийн онцлог , давуу тал нь юу байдаг юм гэдгээс яриагаа эхлүүлэх үү?

Би ШУТИС-ын БИСургуульд 2007 онд элсээд иргэний ба үйлдвэрийн барилгын инженер мэргэжлээр төгссөн. Ажиллаж байх хугацаандаа магистр зэрэг ШУТИС-даа хамгаалсан.

2000 оны сүүлээс манай аймаг дээр нутгийн удирдлагын ордон баригдсан, тэнд би жаахан хүүхэд барилгын туслах хийж байлаа. Тэндээс би инженер гэдэг хүн хэрхэн яаж багаа зөв бүрдүүлж, урамшуулж, удирдаж ажилладаг юм гэдгийг олж харж, инженер хүн чинь ийм л байдаг юм байна гэдэг үлгэр дууриалал аваад энэ мэргэжлийг сонгосон.

Ер нь барилгын инженер гэдэг хүн хамгийн сайн менежер байх ёстой. Барилгын талбай дээр ажиллаж байгаа барилгын инженер хүн бүхэл бүтэн төсөл эхэлснээс дуустал нь маш олон хүмүүсийг хариуцаж ажилладаг. Нэг барилгын төсөл дээр гэхэд туслан гүйцэтгэгч компаниуд, бригад, хувь хүмүүс, тухайн компанийн өөсрдийнх нь ажилчид гээд олон хүмүүс ажиллана.Тэр болгоныг зохион байгуулж, ажиллуулахад менежерийн ур чадвар шаардагдана.  Мэдээж инженер хүн онолын мэдлэг зайлшгүй хэрэгцээтэй. Сургуульд сурч мэдсэнээ практиктай хэрхэн хослуулж байгаагаас тухайн  инженер хүний гол давуу тал харагдана.

- Монголд барилгын мэргэжилтэн бэлтгэж байгаа сургалтын чанарын тухайд ямар бодолтой явдаг вэ?

Барилгын инженер бэлтгэж байгаа олон сургуулиуд байна. Сүүлийн үед хувийн сургуулиуд бүгд барилгын инженерээр төгсгөж байгаа.  Аль ч сургуульд, ямарч  сайн багш багшилж байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ барилгын инженерүүдийг ШУТИС өөр бэлтгэж байвал зүгээр юм уу гэж боддог.

- Яагаад...?

Яагаад гэвэл эмч гэхэд мэргэжилдээ муу байгаад алдаа  гаргавал нэг хүн хохирооно. Харин барилгын инженер хүн барилга бариад ашиглалтанд оруулахад тухайн барилгад инженерийн буруугаас алдаа гарч, чанаргүй баригдахад нэг хүн бус нэлээд олон хүн хохирно. Бүхэл бүтэн гэр бүлээрээ тухайн орон сууцанд амьдрана шүү дээ. Тэгэхээр инжежер хүн эмчтэй адил алдаа гаргах эрхгүй, чухал мэргэжил гэж ойлгодог. Тиймээс төрийн бодлогоор ч юм уу хувийн сургуулиудыг цэгцлэх ёстой юм болов уу.

-  Монголын барилгын салбарын хөгжлийг  баригдаж байгаа барилгуудаас харж болох  юм. Олон сайхан барилга баригдаад хот сайхан хөгжөөд байна л гэдэг.  Энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд энэ салбарын бодлого, хөгжилд үнэлэлт, дүгнэлт өгвөл.. ?

Бусад нь юу гэж боддог юм мэдэхгүй. Миний бодлоор бүх зүйл уялдаа холбоотой байх ёстой. Төрийн бодлого, газар зохион байгуулалт, газар олголт  гээд бүгд нэгдсэн цогц байж чаддаггүйн болов уу. Хоёр компани зэрэгцээд барилга барилаа гэхэд ямарч зохилдлогоо байхгүй. Ядаж явган замын талбай, орц гарц гээд хамтраад шийдэж болох асуудлыг орхигдуулдаг. Шаваарсан л юм бариад байдаг. Ер нь Улаанбаатар хот бетон ширэнгэ болсон гэдэгтэй санал нийлдэг. Яаж ч бодсон хотхон, хороолол гэдэг чинь тус тусдаа статустай, стандарттай, амины орон сууцнаас эхлээд үйлдвэрийн барилга гээд өөр өөрийн онцлогтой барилга байгууламж. Гэтэл хэн дуртай нь хаа дуртай газраа, газар аваад барилга барьдаг. Барилгын норм дүрэм, стандарт гэж байна. Сүүлийн үед барилгын томоохон компаниуд болох “Номин”, “Пума”, “Жигүүр гранд” гээд стандартад нийцсэн барилга, орон сууцыг барьж, салбртаа түүчээлж байгаа олон компаниудыг энд онцлох хэрэгтэй байх. Эдгээр компаниуд хотхон, хороолол ямар байх ёстой вэ, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үйлчилгээ гээд юу байдаг юм, тэр бүхнийг стандартын дагуу барьж, байгуулж байна.

Монгол улс барилгын салбарт өөрийн гэсэн норм дүрэмтэй болсон нь  том дэвшилт. Өмнө нь манайх геологийн судалгаа гэж байдаггүй байсан бол одоо бид өөрсдөө геологийн дүгнэлтээ гаргадаг боллоо. Монголын мундаг сайн инженер, докторуудын судалгаан дээр үндэслэж өөрсдийн гэсэн норм, стандартыг шинэчлэн баталсан.  Ер нь манай барилгын салбар сайхан хөгжиж байгаа л гэж би боддог. Цаашдаа ч илүү хөгжих ирээдүй бий. Яахав Монголын цаг уурын нөхцөл, газарзүйн байршлаас хамаарч өндөр барилга барихад хүндрэлтэй тал байдагч барих боломжтой. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад  манай олон инженерүүд ажиллаж байна. Тэд нар ирээд , гадны дэвшилтэд технологыг салбартаа  нэвтрүүлж,  хөгжилд хувь нэмэрээ оруулахад илүү  сайхан л болно л гэж боддог.  Ганц төрийн бодлого нь уялдаа холбоотой байгаасай л гэж хүсч байгаа юм.

- Тэгвэл сайжруулахын тулд яах ёстой юм бол оо?

Сайжруулахын тулд маш олон холбоодууд нэг нэгнийгээ хүндлээд , уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй юм болов уу. Төр гэхээсээ илүүтэй салбарын мэргэшсэн холбоодууд хот төлөвлөлтөндөө анхаараад уялдаа холбоотой ажиллавал болохгүй юм байхгүй.

-  Барилгын салбарт байнга хөндөгддөг сэдэв барилгын зөвшөөрлийн асуудал. Хүнд сурталтай , хэтэрхий олон зөвшөөрөл авдагаас хээл хахууль авах нөхцөл бий болгож байна гээд хэл ам тасардаггүй. Энэ тухайд...?

Барилгын зөвшөөрлийг заавал авах ёстой шүүдээ. Барилга гэдгийг хүмүүс зүгээр нэг балгас бариад болчдог гэж ойлгоод байдаг. Тус тусдаа хариуцсан мэргэжлийн байгууллага нь тусгай зөвшөөрлөө өгдөг байх нь зөв. Сан, дулаан, цахилгаан авахын тулд төрийн өмчит тус тусдаа компаниуд хариуцаж байна. Улсаас хангаж байна. Тэр болгоныг зөвшөөрлийн  бүх бичиг баримтаа бүрдүүлээд авах ёстой. Хамгийн энгийнээр яг хажууд нь барьсан барилга дулаанаа авсан байлаа гэхэд тэр барилгын дулааны шугам хэдээр явж байгаа юм. Тэр шугам хажууд нь барьж байгаа барилгыг дулаанаар хангаж чадах уу, үгүй юу. Дур мэдээд хажуу барилгаасаа дулаан татчихдаг 10 давхартаа дулаан хүрэлцэхгүй байвал яах вэ. Тийм болохоор заавал зөвшөөрлөө авч, шат дамжлагын дагуу явах нь зөв. Гэхдээ тэр зөвшөөрөл олгодог төрийн албанд  мэргэшсэн, зөв бодлоготой  хүнээ олж тавих нь өөр асуудал. Тухайн албан тушаалд үнэхээр сайн мэргэжилтэн байгаад хяналтаа сайн тавьж чадвал тухайн төсөл эхлээд дуусах хүртэл эрдэнэт хүний амь нас үрэгдэхгүй байх маш их боломж бий. Харин мэргэжлийн байгууллагуудын тавьж байгаа шаардлагыг  хэрхэн яаж биелүүлэх вэ гэдэг тухайн аж ахуйн нэгжийн асуудал.  Бүх зүйл ном дүрмийн дагуу явж байхад хэн юу хэлэх юм.  Аль аль талдаа л хариуцлагтай хандах л юм байгаа юм. Барилга барина гэдэг чинь эвлүүлдэг тоглоом өрхтэй адил биш шүү дээ.Энэ асуудал дээр  хэн хэнийх нь харах өнцөг, бодол нь зөрчилддөг юм болов  уу.

- Бас нэг шогч гэх юм уу асуулт байна. Манайхан 10 хүрэх үү үгүй юу давхар барилга барьчаад тэрийгээ тауэр, хоёр орон сууц  барив уу үгүй юу хороолол гээд нэрлэчихдэг.  Үүн дээр мэргэжлийн хүний үгийг сонсоё?

Нэршлийн хувьд тухайн компанийн захирал гэгдэх, мэргэжлийн бус хүмүүсийн дураар, үзэмжээр шийдэж байгаа асуудал байх. Тэд чинь хэр барагтай инженерүүдийн үгийг сонсохгүй байна шүү дээ. Түүнээс тауэр хэдээс хэдэн давхар байх юм, хотхон гэвэл ямар байх вэ гээд тус тусдаа статустай. Монголд 16-аас дээш давхарыг тауер гэж нэрлээд байгаа юм. Гэхдээ гадаад орнуудтай харьцуулахад хэцүү л дээ. Нэршил гэхээсээ илүүтэй бидний хувьд барилгын хийц, материал барилгаа хэрхэн босгох вэ гэдэгт анхаарал хандуулна уу гэхээс , ямар нэр өгөх нь инженер хүнд сонин биш. Уг нь  норм дүрмэндээ юу гэж заасан юм түүгээр нэршээд явбал зүгээр. Өөрийн чинь хэлж байгаа үнэн л дээ. Ногоон байгууламж байхгүй, явган хүний зам нь хүртээмжгүй, гарц орц нь хүндрэлтэй, автомашины зогсоолгүй, сургууль цэцэрлэггүй хоёр байшин барьчаад тэрийгээ хороолол гэж нэрлээд байгаа нь учир дутагдалтай л байгаа юм. Тэр бол хороолол битгий хэл хотхон ч биш.Энэ болгон өнөөдрийн байдлаар хэрэгжихгүй л байна л даа.

- Инжежер хүний хувьд мөрөөдөлийн барилга тань юу вэ?

Мөрөөдөл үү. Миний мөрөөдөл Улаанбаатар хотод гэхгүй, нутагтаа очоод яг стандартын дагуу хороолол барих юмсан гэж санадаг.

- Бодитой хэрэгжих боломжтой мөрөөдөл байна?

Бодитой боломжтой, одоохондоо би өөрөө залуу байна. Үзэж харах, сурч боловсрох дутуу байна. Би сургуулиа төгсөөд мэргэжлээрээ дөнгөж 6-7 жил л ажиллаж байна. Илүү их сурах хэрэгтэй.

- Сүүлийн үед барилгын компаниуд  хотод гэхээсээ илүү хөдөө орон нутагт барилга барих хандлага ажиглагдах болж. Танай компани ч гэсэн Дундговь аймагт орон сууцны төсөл хэрэгжүүлж байгаа байх аа...?

Тийм,  “ДААДАА ГРУПП” ХХК-ны салбар компани болох барилга угсралтын “ Реоок” ХХК Дундговь аймгийн Сайнцагаан сумын долдугаар багийн нутаг дэвсгэрт  үйлчилгээтэй 56 айлын 10 давхар орон сууцны барилга угсралтын ажил эхлүүлээд явж байна. Одоогоор барилга угсралтын ажлын явц 15 хувьтай, манай компаний хувьд барилга угсралтын салбартаа анхны томоохон төсөл юм.

-Хөдөө орон нутагт барилга барихад дэд бүтэц гээд хүндрэлтэй талууд бас байдаг л байх...?

Төвийн эрчим хүч, дулаан бол ихэнх аймгуудад хүндрэлтэй . Үнэхээр болдог бол дулааны станцаа бариад, аймаг болгонд биш юмаа гэхэд бүсчилээд хангачихдаг бол болж байгаа юм. Хөдөө орон нутгийг орон сууцжуулах ажлыг төрийн бодлогоор дэмжих хэрэгтэй. Гэхдээ бас л нөгөө яриад байгаа газар олголт, дэд бүтцийн асуудал хэцүү. Орон нутагт дулааныг уурын  зуухаар л  шийдэж байна шүү дээ.  Дээр нь цэвэр ус бохирын асуудал байна. Тэгэхээр компаниуд орон нутагт барилга барих гэж зориглохгүй л байна.

Орон сууцанд амьдрах хүмүүсийн давуу тал, хэрэгцээ юу юм. Дулаахан, халуун хүйтэн усаа хананаасаа аваад сууж байх. Тэр шаардлагад нийцүүлэхийн тулд түр зуурын юмаар л орлуулж байна. Хэрэглээний ус гэж байхгүй, төв уурын зуухнаас дулаан ирнэ. Зөвхөн параар ирж байгаа усаар хүн усанд орж, ууна гэж байхгүй. Үүнийг шийдэхийн тулд бойлуур тавьдаг. Тэгэхээр төр нь дэд бүтцээ шийдээд анхнаасаа зөвшөөрөл өгөхдөө стандартын дагуу, төлөвлөгөөтэй баривал боломж бас байна гэж хардаг.  Тэгвэл шилжилт хөдөлгөөн ч зогсоно. Төвлөрийг сааруулахад дөхөмтэй л юм.  Хөдөө орон нутагт барилга барихад ажиллах хүчний асуудал бас тулгардаг. Сумын төвөөр нэг ажилгүй залуучууд байдаг ч барилга дээр ирж ажиллах хүн олддоггүй. Манай залуучууд ер нь их залхуу болсон.

- Орон нутагт баригдаж байгаа барилга дээрээ тэгээд ажиллах хүчний асуудлаа хэрхэн зохицуулах уу?

Хотоос баригадын системээр туслан гүйцэтгэгч гэрээлж оруулдаг. Өөр сонголтгүй. Ер нь бүх барилгын компаниуд үндсэн ажилчдаас гадна туслан гүйцэтгэгч  авч ажлуулж байгаа.

- Энэ нь барилгын чанарт нөлөөлөх үү?

Нөлөөлөхгүй шүү дээ. Яагаад нөлөөлнө гэж.  Ерөнхий инженер нь хяналтаа сайн тавиад явбал ямарч асуудалгүй. Туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа компани, хувь хүмүүс тухайн чиглэлээрээ мэргэшсэн,  ажиллаад сурсан хүмүүс байдаг.

Барилгын салбарын  нэг талаас харвал мөнгө олох амархан салбар гэж харагддаг. Нэг барилга бариад мкв 2 сая төгрөгөнөөс буухгүй. Үүнээс улбаалаад чанартай, чанаргүй олон барилга баригдаж салбарын нэр хүндийг унагааж байгаа юм шиг санагддаг. Та үүнтэй санал нийлэх үү?

2000 оноос эхлэн маш олон барилгын компани байгууллагдаж зарим нь хөлөө олохгүй живлээ, зарим нь дээшээ гарлаа.Удирдлага зөв байх ёстой байхгүй юу. Тэгэхгүй зүгээр нэг бизнес  хөөсөн хүн ирээд наад барилгаа хамгийн хямд материалаар барь,  бид тэдэн төгрөг олно гэж ярьж , тэр нэг даргын хэлсэнээр хийх юм бол инжежер байхын хэрэггүй л байхгүй юу. Инженер хүн өөрийгөө мэргэжлийн хувьд үнэлээсэй гэж хүсдэг. Чи инженер хүн энэ барилгад хүн амьдрана гэдгийг бодох хэрэгтэй. Бүхэл бүтэн гэр бүл амьдрана гэдгийг ухамсарлаасай. Манай компаний хувьд Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль дүрэм, норм стандартыг яг таг биелүүлнэ л гэдэг зорилготой ажилладаг. Хамгийн гол нь барилгын инженерийн ёс зүй, хувь хүний хандлага байна. Барилгын инжежер гэх мэргэжлийн эзэмшээд, инженер гэж дуудуулж байгаа бол барьж буй барилгадаа сэтгэлээ шингээх л хэрэгтэй. Хандлага л чухал. Сүүлийн үед инженер гэхээр хүнд сурталтай, дарангуйлсан хандлага руу ороод ирсэн. Байшин барилгыг би ганцаараа инженер байгаад барьж чадахгүй шүү дээ. Түүнийг барьдагарматурчин, цахилгаанчин, сантехникч, өрлөгчин гээд бүгд тус тусдаа мэрэгжлийн хүмүүс хийж гүйцэтгэнэ Тэгэхээр хүнтэй л ажиллана. Ер нь амьдрал ч  хүмүүс хоорондын харилцаан дээр л оршдог.Би  өөрөө ерөнхий инженерээр ажиллаж байгаагын хувьд энэ бүхнийг  аль болох уян хатан зохицуулахыг хичээдэг. Хэн нэгний ар гэрийг орхидуулахгүй , багаа алган дээрэн тавьсан юм шиг харж байдаг гэж хэлж болно доо. Удирдах албан тушаалд ажиллаж байгаа инженер техникийн ажилтнуудтайгаа өдөр бүр ажил эхлэхийн өмнө төлөвлөгөө ярилцана.  Тэр дундаа баригадын системээр ажиллаж байгаа хүмүүстэй хэрхэн зөв харьцах вэ гэдэг байна. Ажлын хөлсөө өгдөггүй энэ тэр гээд хэл амнаас болоод сүүлийн үед барилгын салбарыхныг бараг үзэн яддаг боллоо.  Нэг талдаа хэцүү шүү дээ.Ажлаа цаг тухайд нь хийж гүйцэтгээд хөлсөө аваад явдаг нэг хэсэг байхад өдрөөр нь цалинжуулж байхад өдөржин юу ч хийхгүй ажил алж суучаад хөлс, мөнгөө өгсөнгүй гэх нэгэн ч байна. Иймэрхүү асуудлаас болоод барилгын салбарын нэр хүнд  бас унадаг.