Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлж, сангийн алдагдлыг бууруулахад зарцуулна

Нийгмийн даатгалын шимтгэл ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хоёр хувиар нэмэгдэнэ. Нэмэгдэж буй хоёр хувийн нэгийг ажил олгогч, дахин нэг хувийн шимтгэлийг ажилтан төлнө. Ингэснээр ирэх жилээс нэг иргэн Нийгмийн даатгалын шимтгэлд 25 хувийн шимтгэл төлөх бол үүний 13 хувийг ажил олгогч, 12 хувийг нь ажилтан төлөх юм. 

2019 оны нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын шимтгэл  мөн л нэг хувиар нэмэгдэж ажил олгогч, ажилтан хоёр тус бүр 0.5 хувийн шимтгэл нэмж төлж байсан бол ирэх жилээс мөн нэг хувийн шимтгэл нэмж төлөхөөр байгаа. Жишээлбэл 800 мянган төгрөгийн цалинтай иргэн сар бүр 92000 төгрөгийг нийгмийн даатгалд төлдөг бол байгууллага ажилтныхаа өмнөөс 100 мянган төгрөг төлдөг. Харин ирэх онд хоёр хувиар нэмэгдсэнээр иргэн сар бүр 100 мянган төгрөг төлөх бол байгууллага 108000 болж нэмэгдэж байгаа юм. Ингэснээр 800 мянган төгрөгийн цалинтай иргэн сар бүр 208000 мянган төгрөг Нийгмийн даатгалын шимтгэлд төлөхөөр болж байна. 

Манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсантай холбоотойгоор Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах шаардлага тавьсан. Учир нь 2018 онд Нийгмийн даатгалын сан 500 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан юм. Мөн дээр нь энэ онд дампуурсан "Капитал" банкинд Нийгмийн даатгалын сангийн 101 тэрбум төгрөг байсан билээ.  Энэ алдагдлыг нөхөхийн тулд сүүлийн гурван жил НДШ-ийг 1-2 хувь буюу нийт таван хувиар нэмэгдүүлэх, тэтгэврийн насыг зургаан сараар нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хязгаарыг нэмэгдүүлэх ажлыг хийж байгаа. 

Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг: Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлж байгаа. Энэ жил гэхэд 2019 оны улсын төсвөөс 600 тэрбум төгрөгийн татаас авч байж Нийгмийн даатгалын сан үйл ажиллагаагаа явуулж байна. Олон улсын байгууллагууд, Дэлхийн банк, ОУВС-гаас ДНБ-д эзлэх Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг хоёр хувиас дээш байлгахгүй байх хатуу нөхцөлтэй хөтөлбөр хэрэгжиж байгаа. Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах шаардлага байна. Гэхдээ нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмснээр алдагдлыг бууруулна гэж тооцохгүй байгаа. Хамрах хүрээг нь өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Гэхдээ иргэний төлж байгаа 25 хувийн шимтгэлийн 18 хувь нь Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулахад зарцуулагдах юм байна. Хэрвээ 1.2 сая төгрөгийн цалинтай иргэн сард 50000 төгрөг тэтгэврийн сандаа хуримтлуулбал 30 жилийн дараа 400 сая төгрөгийн хуримтлалтай байх аж. Гэтэл манайд тэтгэвэр тогтооход тухайн иргэний авч байсан цалингийн 45 хувьтай тэнцэх тэтгэврийг олгож байгаа юм.